Дархан цаазат газар

Говийн Бага Дархан Цаазат Газрын Хамгаалалтын Захиргааны танилцуулга

Түүхэн замнал

Говийн бага дархан цаазат газар нь Өмнөгөвь аймгийн Номгон, Баян-Овоо, Ханбогд, Дорноговь аймгийн Хатанбулаг сумдын өмнөд хэсгийн хилийн заагийн газар нутаг Борзон, Заг сүүж, Зээмэг, Галба, Хармагтайн говиудын зарим хэсгийг хамарсан “A”, “Б” гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нийтдээ 1.839.176 га талбай бүхий газар нутгийг эзэлдэг ба Монголын зүүн өмнөд говийн үндсэн хэв шинжийг төлөөлсөн, байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, дэлхийд ховордсон амьтад болох хулан, харсүүлт зээрийн үндсэн байршил нутаг мөн. Монголд нийт 43.000 хулан байдгаас 83 орчим хувь нь энэ нутагт байршин нутагладаг ба уул нуруу, хэцээр аргаль, янгир, ирвэс тохиолдоно. Тус дархан газрын анхны хамгаалалтын захиргааг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Өмнөд говийн улсын тусгай хамгаалалттай газар нэрээр байгуулагдаж одоогийн Говь гурван сайхан байгалийн цогцолборт газартай хамт хамгаалалтын асуудлуудыг шийдвэрлэж байжээ. Байгаль орчны сайдын 2006 оны 238 тоот тушаалаар Өмнөд говийн улсын тусгай хамгаалалттай газраас тусгаарлаж “Говийн Бага” дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нэрээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байгуулагдсан ба одоог хүртэл байгаль хамгаалах, нөхөн сэргээх, өсгөн үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна. Говийн Бага дархан цаазат газар байгуулагдсанаар тус улсын нутаг дэвсгэрийн говийн бүс нутагт байгуулах ДЦГ-ын дэд сүлжээ үндсэндээ бүрэлдсэн гэж үзэж болно.

Зорилго

Өмнийн тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх, түүний тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн оновчтой бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж, унаган төрх байдлаа хадгалсан байгаль соёлын өвийг ирээдүй хойч үедээ үлдээх.

Алсын хараа

“Хүн байгальдаа зохицож амьдардаг сайхан нийгмийг бид хамтдаа бүтээнэ”

Зорилт

  • Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж орон нутгийн иргэд, хууль хяналтын ажилтнуудад мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах ажилд дэмжлэг үзүүлэх замаар ногоон хөгжлийг хэрэгжүүлэх үр ашигтай үйл ажиллагааг тасралтгүй явуулах орчныг бүрдүүлхэд оршино
  • Монгол улсын төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Монгол улсын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж, холбогдох шийдвэр гаргахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах
  • Хамгаалалтын захиргаа нь мэдээллийн сангаа бүрдүүлж төрийн болон төрийн бус байгууллага, олон нийт, иргэн, аж ахуй нэгж байгууллагад нээлттэй мэдээллээр хангаж үйлчилнэ.
  • Судалгааны арга зүй, аргачлал, боловсруулах, мэдээлэл бүрдүүлэх, нэгтгэх, боловсруулах, тайлагнах, сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагааг бүх түвшинд шинжлэх ухааны үндэслэлтэй хийж байх.

Үйл ажиллагааны чиглэл

Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь дараахь үйл ажиллагаа явуулна:
 

  1. Tусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах;
  2. Судалгаа, шинжилгээ хийх зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих;
  3. Зохих журмын дагуу судалгаа, шинжилгээний зориулалтаар дээж, сорьц авах, ан амьтны сүргийн бүтцийг зохицуулах, байгалийн баялгийг нөхөн сэргээх, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх;
  4. Ан амьтанд зориулан ус задгайлах, хадлан бэлтгэх, өвс тэжээл, хужир, шүү тавих, нөмөр хорго барих болон биотехникийн бусад арга хэмжээг зохих журмын дагуу гүйцэтгэх;
  5. Рашаан,эмчилгээ, сувилгааны зориулалттай эрдэс, байгалийн дагалт баялгийг зохих журмын дагуу ашиглуулах;
  6. Зөвшөөрөгдсөн аялал, жуулчлалын зам, чиглэлийг тэмдэгжүүлэх, шаардлагатай орон байр барих, тээврийн хэрэгслэлийн зогсоол гаргах, биеийн тамирын болон нийтийн бусад арга хэмжээ явуулах газар, журмыг тогтоох, эрүүл ахуйн нөхцөлийг нь хангах, тэдгээрийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран тохижуулах;
  7. Зөвшөөрөгдсөн бүс дэх сууринг тохижуулах, барилга байгууламж барих ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаад хяналт тавих;
  8. Уул, овоо тахих,уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх ажиллагааг зохицуулах;
  9. Тусгай хамгаалалттай газар нутгийн ач холбогдол, хамгаалалтын горим, холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, он дарааллын бичиг хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх;
  10. Зөвшөөрөгдсөн бүсэд байлгаж болох малын төрөл, тоо болон зохих журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж,байгууллагад ашиглуулах газрыг тогтоох.

Бүтэц орон тоо

Говийн Бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь: Хамгаалалтын захиргааны дарга-1, мэргэжилтэн-4, байгаль хамгаалагч-8, нягтлан-1, архив, бичиг хэрэг, нярав, дотоод ажил хариуцсан ажилтан-1, жолооч-1, галч, жижүүр-1 нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбоо барих

  • 88030903, 88107050
  • goviinbagaspa@gmail.com
  • smallgobi@mpa.gov.mn
  • Өмнөговь аймаг, Ханбогд сум, Ихбулаг
  • Говийн Бага ДЦГ-ын Хамгаалалтын Захиргаа /Фэйсбүүк хуудас/