Ханбогд Цаг уурын өртөө

Манай цаг уурын өртөө нь 1965 онд ХАА-н цаг уурын харуул “Их булаг” нэртэйгээр байгуулагдаж, 1975 оны 11 сарын 19-нөөс уртраг 107011’, өргөрөг 43011’-д оршиж “Ханбогд” цаг уурын станц болж өргөжсөн байгаль орчны шинжилгээ-судалгааны байгууллага юм.

Станц болсон цагаас эхлэн механик багажаар хэмжилт хийж байгаад 2015 оны 12 сарын 15-наас эхлэн “AWS 310” цаг уурын автомат станцыг байрлуулан агаар, хөрсний температур, салхи, чийгшил, даралт, хур тунадасны хэмжээ зэргийг автомат багажаар хэмжиж нар, үүл түүний хэмжээ төрөл суурийн өндөр, цаг агаарын үзэгдлийг нүдэн баримжаагаар тодорхойлж, өвөл цасны ажиглалтыг механик багажаар хэмждэг.

Мөн Хөдөө аж ахуй (ХАА)-н цаг уурын ажиглалт болох бэлчээрийн ургамлын өсөлт хөгжлийн үе шатууд, ургамлын өндөр, ургалтын байдал, гэмтэл, бүрхэц, ургац, мэрэгч хортон амьтдын судалгааг гаргаж ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлж буй талаар, усан хангамж, малын бэлчээрлэлт түүнд гарсан өөрчлөлтүүдийн тухай тойм бичиж үйлчилж байна.

Цаг агаарын бодит байдлын мэдээг хоногт 8 хугацаагаар /8, 11, 14, 17, 20, 23, 02, 05 цагуудад/ ажиглаж, УЦУОШТөвд дамжуулахын зэрэгцээ 1 хоног, 5 хоног, 7 хоног, сар, жилийн урьдчилсан мэдээ, анхааруулга, сэрэмжүүлэг мэдээг масс мэссэж болон нүүр номын хуудсаар дамжуулан Ханбогд сумын төрийн байгууллага, ард иргэд, аж ахуй нэгж, малчдад хүргэж ажиллаж байна.

Ханбогд цаг уурын өртөө нь одоогийн байдлаар дарга Б.Пагмадулам, техникч Б.Түмэнжаргал, П.Энхцэцэг, П.Оюунмаа, О.Шүрэнцэцэг гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.