Сумын танилцуулга

Түүхэн товчоо

  Ханбогд сум нь  1924 онд Галба сум нэртэйгээр Хадан хошуу гэх газарт анх үүсгэн байгуулагдсан түүхтэй. Үүнээс хойш олон удаа нүүдэллэж 1941 онд одоогийн Их булаг хэмээх газарт суурьшиж хөгжсөөр 95 жилтэйгээ золгож байна.

  Ханбогд сум Цаг уурын хувьд зундаа +40 хэм хүртэл халж, өвөлдөө -15-25 хэм хүрч хүйтэрдэг байгалын эрс тэс уур амьсгалтай. Монгол Улсын хамгийн дулаан цэгт тооцогддог газар нутаг юм.

Хүн ам:

    2019 оны 2-р сарын байдлаар 7798 иргэн бүртгэлтэй байна. Ханбогд сум хөдөө аж ахуйн 5 багтай. Жавхлант багт 2146, Гавилууд багт 1748, Номгон багт 1304, Баян багт 2004, Хайрхан багт 490 иргэн тус тус бүртгэлтэй амьдарч байгаа бол үүнээс шилжин ирсэн 102, шинээр 32 нялхас мэндэлсэн сайхан мэдээ байна.

Ажил эрхлэлт:

    Ханбогд сумын хэмжээнд 282 иргэн ажил хайж  байгаагаас 142 иргэн нь идэвхтэй ажил хайгч байна. Иймээс иргэдээ ажилтай орлоготой байлгах зорилгоор Уул уурхайн компаниудын ажилчдын 50-аас доошгүй хувь нь орон нутгийн иргэн байх гэсэн үндсэн шаардлагыг тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай сумаас Оюу толгой ХХК болон туслан гүйцэтгэгч компаниудад нийт 1632 иргэн ажиллаж байна. Ханбогд сумын хувьд хөдөлмөрийн насны 4810 иргэн байгаагаас төрийн албанд 435, уул уурхайд 1632, жижиг дунд үйлдвэрлэлт эрхлэгчид 27, малчид 1126 байна.

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын чиглэлээр:

    2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 500 иргэнд 37,5 га газрыг шинээр өмчлүүлсэн.

    Сумын ИТХ-ын 06/10 тоот тогтоол гарч сумын нийт газар нутгийг хамарсан газрын үнэлгээний бүс, суурь үнэлгээ, төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон

    МУ-ын Хаягжилтын тухай хуулийн дагуу хаягжуулалтын мэдээллийн санг үүсгэн сумын төвийг хаягийн зурагтай болгон бүрэн хаягжууллаа.

    Газрын кадастрын мэдээллийн систем болох Лэнд менежер программ хангамжийг хэрэглээнд нэвтрүүлэн улсын бүртгэлийн мэдээллийн системтэй холбон кадастрын зургийн баталгаажилтыг сумандаа хийж үйлчилж байна.

Үзэсгэлэнт байгаль, ан амьтан:

    Галбын говь үзэсгэлэнт байгаль ховор сонин ан амьтан, жигүүртэн шувууд олонтой арвин баялаг өгөөжтэй нутаг юм.

    Ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан алдарт Галбын гурван хийд, дэлхийн энергийн төв Дэмчогийн хийд, 100 модны ам, Хөдөлдөг цохио, Мэлхий хад, Баяжихын агуй, Зээрд, Шар цав, Байшин цав, Хэмгий, Сэвхүүлийн элсэн далан, Оцон мааньтын хүннүгийн ул мөр, Жавхлант хайрхан, Шийрийн уулын хадны зураг, Түрэгийн үеийн хүн чулууны олдвор, Мангасын хүрээ зэрэг түүх, соёлын дурсгалт газруудтай. Мал аж ахуй, уул уурхайг хослуулахын зэрэгцээ аялал жуулчлал хөгжих таатай нөхцөл бүрдсэн нутаг юм. Иймээс ч хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлууд хийгдэж байгаа юм.

Төрийн үйлчилгээ:

    Сумын ИТХ, ЗДТГазар нь 38 албан хаагчтайгаар төрийн бүхий л үйлчилгээг ард иргэдэд хүргэн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

    Ханбогд сумын ЕБСургууль нь 2 хичээлийн байртай  одоогоор 1156 сурагч суралцаж, 105 багш ажилчид ажиллаж, дотуур байранд 25 сурагч амьдарч байна. Мөн 21, 22, 29 -р цэцэрлэгт нийт 718 хүүхэдтэй бөгөөд 79 багш ажилчид ажиллаж үйл ажиллагаагаа тус тус явуулж байна. 

    Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 66-р анги, 350, 160 хүний суудалтай соёлын төв, Нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн тасаг, 50 ортой сум дундын эмнэлэг, Сум дундын шүүх, Сум дундын 1-р прокурор, Хандизель, Ханбогд хот тохижилт зэрэг орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд, ХААН банк, Хадгаламж банк, Хас банк , Голомт банк , Капитрон банкны салбарууд үйл ажиллагаа явуулж байна.

    Хувийн хэвшлийн 300 гаруй аж ахуйн нэгж, 60 гаруй дэлгүүр, супермаркет, 30 орчим  цайны газар, ресторан, зочид буудал үйл ажиллагаа явуулж байна. Ханбогд сум бизнес эрхлэх таатай нөхцөлтэй гэж хэлж болно.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД

Дэлхийн стандартад нийцсэн сургууль, цэцэрлэгтэй боллоо.

   "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан 640 хүүхдийн багтаамжтай  2-р сургууль, 200 хүүхдийн багтаамжтай 29-р цэцэрлэгт  2018 оны 12 сард нээлтэй хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэхүү сургууль нь "Шинэ эрин" сургуулийн тэргүүн туршлага, сургалтын манлайлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах юм. Багш, хүүхдүүд сум орон нутагтаа хамгийн ая тухтай орчинд олон улсын чанар стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрт суурилж хөгжих боломж бүрдэж байна. Уг сургууль, цэцэрлэг нь орчин үеийн чанар стандартад нийцсэн анги танхим, урлаг, спортын заал, цайны газар, хичээлийн хэрэглэгдэхүүн ширээ сандал, компьютер техник хэрэгслээр бүрэн хангагджээ.

Үлэмжийн чанар соёлын төв үүд хаалгаа нээлээ.

    350 хүний суудалтай Үлэмжийн чанар соёлын өргөөг байгуулан улсын комисс  ашиглалтанд авсан. Улсын төсвийн 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар мэргэжлийн тайз, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан энэхүү томоохон хэмжээний бүтээн байгуулалтад Оюутолгой ХХК-ийн Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан болон албан байгууллага, ААН-үүдийн хандив дэмжлэг үзүүлж олон хүний сэтгэл, зүтгэлээр сүндэрлэсэн. ҮЛЭМЖИЙН ЧАНАР СОЁЛЫН ТӨВ нь аймагт төдийгүй улсдаа цөөхөнд тооцогдох томоохон бүтээн байгуулалт гэдгээрээ онцлог юм.

Дулаан эрчим хүчний асуудал бүрэн шийдэгдлээ.

    2018 оны 02 сард 1.8мгв  хүчин чадалтай Уурын зуухны өргөтгөл ашиглалтанд орсон юм. Тус уурын зуухны өргөтгөл ашиглалтад орсноор сумын дулаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болж байна.

Ханбогд сум, сум дундын малын эрүүл мэндийн төвтэй боллоо.

    Өмнөговь аймаг, Ханбогд сум, Оюутолгой компанийн хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр говийн бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжтой Сум дундын малын эрүүл мэндийн төвтэй болсон. Судалгаа шинжилгээн дээр тулгуурлан мал сүргийг эрүүлжүүлэх болон малын чанар ашиг шимийг нэмэгдүүлэх, ХАА-н бүтээгдэхүүний хяналтын лаборатори бүхий үйлчилгээний тогтолцоог бүс нутгийн хэмжээнд бий болгож байгаа нь мал аж ахуйн салбарын урт хугацааны тогтвортой хөгжлийн үндэс болж байгаа билээ. Мөн Монгол оронд өөр хаана ч байхгүй эмийн үлдэгдлийг мах, сүү, шээснээс илрүүлэх аппарат тус төвд байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Энэхүү төв нь улсдаа анхных гэдгээрээ онцгой ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

Ханбогд-Оюу толгой чиглэлд байгуулсан 35.1 км хатуу хучилттай зам ашиглалтанд орлоо.

    Энэхүү замыг “Оюу толгой” ХХК-ийн 46 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр жил гаруйн хугацаанд үндэсний 26 компанийн 1000 гаруй ажилчид барьж гүйцэтгэлээ. Энэхүү зам ашиглалтад орсноор Оюутолгойн уурхайд ажилладаг иргэд ажилдаа явах, гэртээ харихдаа аюулгүй тав тухтай зорчих боломжтой болж байгаа юм. Тус зам Өмнөговь аймгийн 2018 оны “Шилдэг бүтээл, бүтээн байгуулалт”-аар шалгарсан юм.

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Ханбогд сум 3 түмэн тэмээний баяраа зохион байгууллаа.

    Монгол Улс дэлхийн хэмжээнд хоёр бөхт тэмээгээрээ тэргүүлдэг. 2018 оны жилийн эцэст 152281 тэмээ тоолуулснаас Ханбогд сум хамгийн олон тэмээ буюу 30431 толгой тэмээн сүрэг тоолуулсан төдийгүй улсын хэмжээнд хамгийн олон тэмээтэй сум болсон юм. Гурван Түмэн тэмээний баярын гол зорилго нь тэмээн сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, ингэний сүү сүүн бүтээгдэхүүн цагаан идээний ач холбогдлыг сурталчлах, удам дамжсан тэмээчид олноор төрүүлэх, Гавьяат тэмээчдээ алдаршуулах зорилготой юм. Мөн тэмээн жингийн цуваа, хурдан атны уралдаан, тайлагны уралдаан, хурдан торомны уралдаан малчдын зөвөлгөөн, хүндэтгэлийн тоглолт, буухиа тэмцээнүүд болсон юм. Өмнийн их говьд өнө эртнээс эдүгээ хүртэл мал аж ахуйгаа эрхлэн тэмээн сүргээ "Гурван түм" болтол нь өсгөн үржүүлсэн, үндэсний их өв уламжлал, ёс заншлаа дээдлэн хадгалсан онцлох баяр болсон юм.

Ханбогд сумын Баян багийн малчин Жигжидмаагийн Бямбадорж Монгол улсын аварга малчин боллоо

    Жигжидмаагийн Бямбадорж нь 5 настайгаасаа тэмээ унаж сурсан бөгөөд 20 гаруй жил мал маллахдаа Ханбогд галбын улаан үүлдрийн тэмээгээ өсгөн үржүүлж, 40 нас хүртлээ 260 орчим эмнэг сургаж МУ-ын СПОРТЫН МАСТЕР болжээ. Мал маллах сонирхолтой залуусыг малжуулж, монголын үндэсний баялаг буянт мал сүргээ жил дараалан өсгөн ашиг шимийг нь хүртэн яваа хөдөлмөрч нэгэн юм.

    Ханбогд сумын хувьд "Алтан ботго"-ны эзэн жил бүр тодордог. Энэ жилийн хувьд Баян багийн малчин Дорждэрэмийн Бөхчулуун энэхүү хүндтэй шагналын эзэн болсон.

    Тэрбээр жилд дунджаар 100 гаруй ботго бойжуулж, говь нутгийн бахархал болсон хоёр бөхт тэмээн сүргээ өсгөн үржүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа залуусын нэг юм.

Амин хэлхээ гурван үеийн чуулга уулзалт боллоо

    Өмнөговь аймагт Ахмадын байгууллага үүссэний 30 жилийн ойн хүрээнд Ханбогд сумын Ахмадын хорооноос санаачлан ГУРВАН ҮЕИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ-ыг зохион байгуулсан. Энэхүү уулзалтанд ахмад, дунд, залуу үе гэсэн нийгмийн төлөөллүүд оролцсон. Гурван үеийн төлөөлөл оролцсон тус чуулга уулзалтыг уламжлал болгон зохион байгуулах, ахмадаасаа суралцах, тэдний зөвлөгөө зөвлөмжийг ажил хэрэг болгох зэрэг олон үнэтэй саналуудыг зөвлөмждөө оруулсан юм. 

Онцгой байдлын албатай боллоо.

    2018 онд Ханбогд сумд  “Гал түймэр унтраах, аврах 66-р анги” байгуулагдсан. Тус анги нь сумын иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудад галын аюулгүй байдал, гамшигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цаг тутам зохион байгуулж иргэдийн амар тайван байдлыг ханган ажиллаж байна.