Баян баг

Үүсэл хөгжил түүхэн замнал:

    Баян баг нь анх 1933 онд тус багийн нутаг “Адгийн бор овоо”-ны бууцан дээр нутгийн хэсэг ардууд хуралдаж Хүрээт Ядамын саналаар “Сүж бор овоогийн баг” нэртэйгээр байгуулагджээ. Тухайн үед анхны багийн даргаар Юмцэрэнгийн Гэндэн сонгогджээ. ИНХ-н даргаар Ц,Машбат 2008 оноос хойш, Засаг даргаар М.Мягмаржав 2008 оноос хойш тогтвортой ажиллаж байна

    Тус баг нь 1934 онд 114 өрх, 377 хүн амтай, 1800 тэмээ, 300 адуу, 20 үхэр, 2400 хонь, 2900 ямаа нийт 7420 толгой малтай үйл ажиллагаагаа эхэлсэн хэдий ч багийн дарга нь олон солигдож нүүдлийн байдлаар ажлаа явуулж байсан байна.

    Тухайн үед сумын захиргаа “Баг”-ийг бэхжүүлэхэд анхаарч 1939 онд багийн нүүдлийн байдлыг төвлөрүүлэх шийдвэр гаргаж уг шийдвэрийн дагуу 4-р багийг “Алаг баян”-д төвлөрүүлж сүм хийдийн барилгыг нь дэлгүүр, конторын зориулалттай болгон тохижуулж ашиглаж байв. Үүнээс хойш багийг тохижуулах боловсон хүчнээр хангах ажил эрчимтэй хөгжиж байжээ.

    Улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн өрнөж эхэлснээр 1956 онд 4-р багийн төвд “Энхтайван нэгдэл” 31 өрх, 127 гишүүнтэй, 3303 толгой малтай байгуулагдаж гал голомтоо бадрааж байжээ.

    1959 онд Ханбогд сумын 3 нэгдэл нэгдэж “Галбын хөгжил” нэгдэл болоход нэгдлийн ерөнхий хорооны шийдвэрээр 4-р багийн төв нь Алаг баянд байхаар болж, нэрийг нь баг гэх  больж Баян бригад болгон өөрчилсөн.

    1967 оны 11-р сарын 06-нд бригадын төвд шинэ контор, буудал, гуанз, улаан булан барьж ашиглалтанд оруулж байжээ. Энэ үеэс багийн төв дээр шууданч, агент, аж ахуй, хүний болон малын эмч суурин ажиллаж эхлсэн. (зураг)

    Тус баг нь 1933 оноос 1992 он хүртэл “Сүж бор овоо”-ийн баг, Баян бригад хэмээн нэрлэгдэж байсан ба 1989 оноос монгол орон даяар ардчилсан хөдөлгөөн өрнөж ТТЭЗ-аас ЗЗЭЗ-т шилжин 1992 онд баг гэсэн анхны нэрээ сэргээн БАЯН БАГ болсон түүхтэй.

    Өнөөдрийн байдлаар 465 өрх, үүнээс 82 малчин өрх, 146 малчин, 2004 хүн амтай, 39869 толгой малтай болж өргөжсөн байна.

    Малын тооны хувьд тэмээ  12434, адуу 1805, үхэр 700, хонь 9096, ямаа 15834 толгой байгаа бөгөөд 2018 оны жилийн эцэст 6 малчин 1000-аас дээш толгой мал тоолуулсан байна.

Газар зүйн байршил:

    Баян баг нь Ханбогд сумын төвөөс зүүн тийш 50км-т далайн түвшнээс дээш 940м орчим өргөгдсөн Алаг баянгийн ууланд байдаг бөгөөд баруун болон баруун өмнөд хэсгээрээ тус сумын Номгон, Гавилууд багтай, хойд хэсгээрээ Өмнөговь аймгийн манлай сумтай, зүүн болон зүүн өмнөд, өмнөд хэсгээрээ Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумдуудтай хиллэдэг.

Байгалийн баялаг, түүх дурсгалт газар, ургамал, ан амьтан:

    Баян багийн нутаг нь эрт галавын үеийн нуурын хөндий байсан гэж эрдэмтэд нотолдог. Үүний нэг жишээ нь: 1972 онд ЗСБНХУ-ын геологичид, палентлогичдын хийсэн малталтаар 80 орчим сая жилийн амьдарч байсан “Эклизовар” хэмээх диназоврын яс, өндөг олдож байснаар батлагддаг.

    Одоо ч Баян багийн нутагт эртний амьтдын чулуужсан ул мөр, чулуужсан үлдэгдэл (яс) өндөгний хэлтэрхий, дун, хясааны чулуужсан үлдэгдэл, эртний ойн чулуужсан мод зэргийн үлдэгдэл байдаг.

    Мөн тус багийн нутаг “Баян хөөвөр”-өөс хүн чулууний хөшөө үлдэгдэл олдсон ба түүний судалж газар дээр нь байрлуулан орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. 

Ургамал, амьтны аймгийн талаар:

    Баян багийн нутагт эмчилгээний журмаар ашигладаг олон төрлийн эрдэс ургамламууд байдаг.

Эмийн ургамал, эрдсүүд:

    Элэгний өвчин болон элэгний хорт хавдраар өвчлөхөд хэрэглэдэг Хулангийн ундаа, Гивантай чулуу, Ходоодны өвчинд хэрэглэдэг Зос, Морьтын хужир, бөөр өвдөхөд хэрэглэдэг Юмдүүжин, Загасгал, хадны өвс гэх мэл эмийн эрдэс ургамал байдгаас гадна Луугийн яс /эртний амьтдын ясны үлдэгдлээс үүэлтэй/ хэмээх хүний бие организмд чухал хэрэгцээтэй микроэлементүүд агуулсан эрдэс байдаг.

Ан амьтад:

    Дэлхийд ховордож улаан номд орсон ятуу, Дархан цаазат аргаль, янгир, хар сүүлт, хулан зэрэг ховор амьтад байхаас гадна үнэг, чоно, хярс, шилүүс зэрэг амьтад байдаг.

Байгалийн баялаг, ашигт малтмал:

    Баян багийн нутагт барилга, уран баримал зэрэгт тохирсон улаан ногоон шавар элбэгтэй. Оюу, зэс, марганцын исэл, марганцын хүдэр зэрэг зэрэг байдаг.

    Мөн газрын тосны галба 11 дүгээр талбай, Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах сумын нутгийг хамарсан газрын тосны судал үе давхаргууд нь Баян багийн нутгаар дайран өнгөрдөг. Алаг баянгийн ууланд зэсийн хүдрийн хайгуул хийгдэж байна.

Баян багийн бахархал:

    Нэгдэл нийгмийн үед 1984 онд Монголд анх удаа 1000 ботго бойжуулсан баг болж 1000 ботго бойжуулсан амжилтаа тэмдэглэж байсан.

Төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн үеэс хойш нийгмийн сүрэг амины аж ахуй болон хөгжснөөс хойш мал сүргийн тоо толгой, үүний дотроос тэмээн сүргийн тогтвортой өсөлтийг хангаснаар улсад тэргүүлэхийн зэрэгцээ 2008 онд 2 дахь удаагаа 1000 ботго бойжуулсан бөгөөд 2010 оноос эхлэн сүүлийн жилүүдэд тасралтгүй 1000 ботго бойжуулсаар ирсэн бахархууштай сайхан амьжилтыг үзүүлж байна. Үүний үр дүнд  2016 онд нэг түмэн тэмээний баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн.

    Энэхүү амжилтанд хүрэхэд багийн нийт малчдын хөдөлмөр зүтгэл асар их нөлөө үзүүлсэн бөгөөд тус багийн малчдын хөдөлмөр зүтгэлийг төр засаг, системийн байгууллагууд үнэлт Д.Хүүхэн Монгол улсын гавьяат малчин, Ж.Тогтохсүрэн, Ц.Гонгоржав Ж.Бямбадорж нар Монгол улсын сайн малчин, Д.Хүүхэн, Ж.Тогтохсүрэн нар  Мал аж ахуйн академийн дээд шагнал “Хүндэт профессор, Ж.Тогтохсүрэн, Д.Бөхчулуун нар нь Монголын радиогийн нэрэмжит шагнал “Алтан төл”-ийн эзэн цол хүртээсэн. Мөн ҮХАА- тэргүүний ажилтан цол, тэмдгээр 12 малчин шагнагдаж, 5 малчин аймгийн аварга малчин болсон.