Есөн гайхамшиг

ОЮУ ТОЛГОЙН ОРД

Ханбогд сумаас баруун тийш 45 кмт орших Оюутолгойн уурхай орчмын газар зэс-алтны баялагтай гэдэг нь хүрэл зэвсгийн үеэс хүмүүст мэдрэгдэж байжээ гэж энд байгаа түүхийн дурсгалт зүйлүүдээс олдсон багаж зэвсгүүдэд үндэслэн эрдэмтэд үздэг. 1983 онд геологич Д.Гарамжав анх зэсийн хувирал эрдэсжилтийг илрүүлснээр 1996 онд “Магма коппер” компанийн хайгуулын анги Оюутолгойд хайгуул хийх эрх авчээ. Энэ ангийн бүрэлдэхүүнд геологич Д.Гарамжав, Деннис Кокс нар оролцон 1997 оны 4-р сараас хайгуулын ажил идэвхтэй явагдаж 2000 оны 5-р сараас “Айвенхоу Майнз” компани ордын талбайг бүрэн эзэмших гэрээ байгуулж хүдрийн нөөцийг тогтоох өрөмдлөгийг үргэлжлүүлэн хийж өндөр агууламжтай зэсийн нөөцийг илрүүлэн Оюу толгойн орд нь дэлхийн хэмжээний (3-д орох) том орд болохыг тогтоожээ.

Оюутолгойн хайгуулын талбай нь 10х9км хэмжээтэй өмнөд оюу, баруун өмнөд оюу, төв оюу, хойд буюу Хюго Доммет гэж нэрлэгдэх ордуудаас бүрдэж байна. Оюу толгой орд нь 25,4 сая тонн зэс, 1028 тонн алт, 5144 тонн мөнгө, 81600 тонн молебден бүхий 2.7 тэрбум тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоогджээ.

ХАНБОГД ХАЙРХАН


Ханбогд уулын ар дор “Зуун мод” гэдэг ам байдаг. Энд 100 гаруй төрлийн ургамал мод, ургадаг бөгөөд түүний дотор Галбарваасан (цагаан зандан) ургадаг байжээ. Мөн Ханбогд уулын зүүн хойд ард өндөр сүрлэг хадан цохионуудын дунд нэгэн элсэрхэг дугуй байдаг. Үүнийг нутгийн ардууд “Алтангэрэлийн дугуй” гэж нэрлэдэг. Учир нь энд дээр үед уншлага шүтлэгийн газар байжээ. Харин сүүлийн үед Ханбогд уулыг тахих үеийн наадам, өдөрлөгийн газар болжээ. Ханбогд уулын залгаа зүүн талын бэсрэг гурван хар овоог Ханбогд хайрханы гурван түшмэл, зарим хүмүүс гурван их хүлэг баатар гэдэг. Ханбогд уулын орчимд Чингис хааны нэрээр нэрлэгдсэн хэд хэдэн газар байдаг. Морины уяа, зогсоол, сүүдэрэвч хэлбэртэй хадан цохиог “Чингисийн морины уяа”, тохой хирийн гүнтэй нарийнхан хадан нүхийг Чингисийн уургаа тулж мордсон газар хэмээн ихэд хүндэтгэдэг. Чингис хааны нэрээр домог болсон эдгээр газрууд нь говьчууд Чингис хааныхаа суу билэг, агуу хүч чадлыг нутаг усандаа шингээж хүндэтгэж ирсний илрэл юм. Ханбогдын уулсыг тойрон 108 булаг, 108 цагаан чулуун овоотой их эрдэнэтэй уул гэж дээр үеэс шүтэн биширч иржээ. Ханбогд уулын баруун хойд ард 2 хүн зэрэгцэн ороход багтах хадан агуй байдаг. Дээр үед анч дархан Чавгын агуй гэдэг байсан бол 1990-ээд оноос “Баяжихын агуй” нэртэй болж баяжих хүсэлтэй хүмүүс орж мөнгө төгрөг тавих, хананд нь үрээд нандигнан хадгалдаг болжээ.
Ханбогд хайрханы эзнийг ширээ цагаан тэмээ унасан, ногоон торгон дээлтэй, хөрслөг бор охин баруун гартаа лимбэ барьж, тэмээний бөхөндөө хурганы уут өлгөсөн, уутан дотроос аргалын эвэртэй хурганы толгой цухуйсан байдаг гэсэн домогтой бөгөөд энэ нутагт хонь, тэмээ өсгөхөд өлзийтэй гэдэг. Үзэсгэлэн төгс энэ уулыг “Байгалийн музей” гэж эрдэмтэд нэрлэсэн удаатай. Говийн V ноён хутагт XIX зууны их соён гэгээрүүлэгч их Данзанравжаа энэ сайхан уулын дэргэд Галбын гурван хийдээ босгож амьдран суухдаа Ханбогд хайрханд зориулж “Гайхамшигт галба” магтаалаа туурвин ая хийж зон олон дуулж хуурддаг байжээ.

Дэмчогийн хийд


Ханбогд сумын урд зүгт хаяа дэрлэн байрших Ханбогд уулыг бүхэлд нь сансрын зургийн тайллаар 30 км голч бүхий том цагираг, түүний зүүн талд уг бүтэцтэй шүргэлцэн тогтсон 14 км орчим голчтой багавтар цагираг бүтцийг бүрдүүлэгч Ханбогд уулын дүүрэг дэх боржин чулуу тархсан талбайг бүхэлд нь “эргүүлгэн” бүтэцтэй уул гэж геологич Д.Гарамжав тодорхойлжээ. (1990.он.Д.Гарамжав). Энэ нь 1981 онд монгол хүн сансарт нисч монгол орны зургийг сансраас авахад зурган дээр Ханбогд уулын орчинд нар зөв эргэсэн соронзон хуйлралт илэрснийг дэлхийн энергийн төв цэг гэж үздэг. Том цагиргийн хойд хэсгийн төвд Дэмчог, Цагаан толгой, Эрээтийн хийдүүдийг 1828-1830 онуудад, бага цагиргийн төвд байгаа Цогцолын хийдийг 1830-аад онд байгуулжээ. Энергийн төв цэг нь Дэмчогийн хийд дээр Говийн V ноён хутагт Данзанравжаагийн бясалгал хийж, ном зохиолоо бичиж суудаг байсан хадан цохио юм. Ноён хутагт Дэмчогийн хийдийг зүгээр нэг газар тохиолдлоор байгуулаагүй, энергитэй газрыг олж байгуулаад тэр энгерги дээрээ сууж бясалгал хийж уран бүтээлээ туурвиж байсан бололтой. Дэлхийн энергийн төв Дэмчог хийдэд газар газрын хүмүүс, жуулчид олноор ирж Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг дуулж сэтгэлээ ариусгаж байгалаас эрчим хүч хүртдэг болжээ.

ГАЛБЫН ГОВЬ


Говь нутгийг судалсан АНУ-ын эрдэмтэн Г.Ф.Осборны “Төв Азийн монголын говь бол хүн анх үүссэн өлгий нутаг мөн” гэсэн дүгнэлтийг олон эрдэмтэд шинэ шинэ мэдээ баримтаар баяжуулсаар байна. Галбын говь нь 10 мянга гаруй хавтгай дөрвөлжин км талбай эзэлсэн баруунаас зүүн хойш чиглэн тогтсон 200 гаруй км урт 40-50 км өргөн бөгөөд алдарт 33 говийн хамгийн томд ордог. Галбийн говь нь далай түвшинээс дээш 800-1000 м, зарим хотгор хонхор газартаа 50-60 м-ээс үл хэтрэнэ. Энэ говь нь Ханбогд сумын нутаг Саглар, Дайчингийн говь, Модон овоогийн говь, Цахиуртын говь, Хар загийн говь хүртэл үргэлжилнэ. Галбын говь нь ихэнхдээ загийн ойгоор бүрхмэл бөгөөд хоёр талын уулсаар хайлаас мод элбэгтэй. Галбын говийг арчсан толь мэт цэлмэг, гүн цэнхэр тэнгэрийн нутаг гэж хэлнэ. Энэ нутагт нар гийгүүлэх хугацаа 300-330 хоног цэлмэг байдаг.

ГАЛБЫН УЛААН ТЭМЭЭ


Галбын говийн улаан тэмээ нь аль эртнээс өнгө зүс гоё, ашиг шим сайтай бие билдер томтой, уналга эдэлгээний чадвар өндөр зэргээрээ Галбын говийн ганган улаан тэмээ гэж алдаршсан юм. 1965 онд Галбын говийн шилмэл овгийн тэмээний үржлийн ферм байгуулагдаж 1970 онд Галбын говийн тэмээг “Монгол тэмээний шилдэг омог” улсын стандарт болгон баталжээ. Галбын улаан тэмээ нь гүн улаан хүрэн зүстэй, зөөлөн ноолуурлаг ноостой, сүүний гарц арвинтай шилмэл сүрэг юм.

УНДАЙН ГОЛ
Ханбогд сумын нутагт 6000 гаруй Хайлаас байдаг гэсэн судалгаа байдаг бөгөөд түүний нэг 3000 хайлаастай Ундайн гол.

ХӨДӨЛДӨГ ХАД

Ханбогд сумын төвөөс зүүн урагш 20 орчим км-т орших Цогцолын хийдийн ойролцоо том хадан дээр шовх ганц ирмэгээрээ тулж малгай мэт тогтсон, барагцаагаар 50 орчим тонн жинтэй, гараар түлхэх юмуу хүчтэй салхинд донхолзон хөдөлдөг цохио байдаг.

МЭЛХИЙ ЦОХИО


Хэвтэж буй мэлхий хэлбэртэй цохио Жавхлант багийн нутагт байдаг энэ цохио 12 м урт, 8.5 м өргөн, 4.6 м өндөр юм. 42