Түүхэн замнал

МЭРГЭН ВАНГИЙН ХОШУУ

    Эртний Хүннү гүрний өмнөд Хүннүгийн нутагт Шатой аймгаас гаралтай Зүрчид, Хидан гүрний үед (700-гаад он) үүсч буй болсон Онгууд хэмээх аймгийн энэ л нутагт Эзэн Чингис хааны үед ч, Батмөнх даян хааны үед ч говийн ард түмэн Монголын төв хэсгийн нутаг болох их говьдоо олон зуун жил оршин амьдарч иржээ. Энэ түүхийг батлан “Халх товчоо” номонд “Мэргэн ван тэргүүлэн Түшээт хан аймгийн өвөр говийн 6 хошууны уг сурвалж болжээ” гэж бичсэн байдаг. Говь мэргэн вангийн хошуунд Дорноговь аймаг бүхэлдээ, Өмнөговь аймгийн зүүн өмнө тал, Дундговь аймгийн зүүн өмнөд тал, Сүхбаатар, Хэнтийн баруун талын нилээд нутаг хамрагдаж байв. Батмөнх даян хаан Ар монгол буюу халхыг өөрийн отгон хүү Гэрсэнзэд харъяалуулан өгснөөр Гэрсэнз нь өөрийн 7 хүүдээ газар нутгаа хуваан эзэмшүүлснээр Халхын 7 хошуу бий болж 1500-1650 он хүртэл 150 гаруй жил болжээ. 1550 оноос эхэлж аажмаар Халхын 4 аймаг үүсснээр манай хошуу Түшээт хан аймгийн Мэргэн ноёны, Мэргэн вангийн, Говь мэргэн вангийн хошуу нэртэй явж иржээ.

    Энэ хошууны засаг ноёдоор Мэргэн жюн ван Гүршиги (1691- 1705онд), дараа нь Равдандорж, Минжүүрдорж, Цэрэнбадав, Данзандорж, Чавагжав, Доржзав, Дагдандорж, Лхасранбазар, Амгаабазар, Анандочир, Цэсэнжав, Бат-Очир (1920-1924 онд) нар тус тус захирч байжээ. Монгол улс 1692 онд Манжийн дарлалд орсноор манжууд Халхын 7 хошууг 34 хошуу болгон жижигрүүлэн Мэргэн вангийн хошууны нэрийг “Халхын хойт замын зүүн гарын дундад хошуу” хэмээн нэрлэсэн ба 1911 онд монголчууд манжийн эсрэг тэмцэлд ялж Богд хаант улс байгуулахад Мэргэн вангийн хошуу нэрийг сэргээн тогтоожээ. Харин 1921 оны Ардын хувьсгалын дараа хошуудын нэрийг газар нутгийн нэрээр нэрлэх болсноор 1924 онд “Хутаг уулын хошуу” болжээ. Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт орсноор 1931 онд Хутаг уулын хошууг татан буулгаж аймгийн зохион байгуулалтанд оруулсан юм.

ГАЛБА СУМ БАЙГУУЛАГДСАН НЬ

    1924 онд Хутаг уулын хошуунд Цээл, Баян, Ухаа, Галба гэсэн дөрвөн сум байснаас дотор Галба сум биеэ даасан сум байгуулагдсан түүхтэй. (УТТА-Ф65.хн-6) Ардын засгийн газраас 1923 оны 1-р сард 57-р хурлаар баталсан “Нутгийн захиргааны дүрэм” нь засаг захиргааны зохион байгуулалтыг тогтоож, энэ ажлыг 1923 онд багтаан хийхийг зааж өгсөн боловч ихэнх хошуудад хурал, сонгуулийг ор нэрийн төдий хийж гол төлөв хуучин Засаг ноёд нь дарга болсон байжээ. Иймээс Ардын засгийн газраас 1924 оны 3-р сарын 31-нд дахин шийдвэр гаргасныг үндэслэн 1924 оны 6-р сарын эхээр Номгон багийн нутаг “Хадан Хошууны Хөх овооны бууц ” гэдэг газар нутгийн ардуудыг цуглуулан ардын жинхэнэ хурал, сонгууль болж Галба сумыг албан ёсоор байгуулж сумын захиргаагаа батлан тогтоож сумын даргаар Гончигийн Үржинг сонгожээ. (УТТА-Ф-65. ХН-11). Энэ үеэс Үржин занги хуучин засгийн отго жинсээ авч ардын засаг, ард түмнийхээ төлөө чин үнэнч ажиллахаа илэрхийлсэн байна.

    1924 оны 6-р сарын 25 нд хуралдсан Хутаг уулын хошууны анхдугаар хурлын нэгдүгээр тогтоолд “Харъяат хошууны сум, баг, арван гэрийг хэрхэн байгуулахыг эрхлэн тогтооно гэснийг хэлэлцээд дүрмийн ёсоор 59 арван гэр, 12 баг 4 сум болгон зохиож өөр өөрийн хурлыг дүрмийн ёсоор нээж, дарга, занги, төлөөлөгч нарыг сонгон гаргаж ирүүлсэн зэргийг бүгдээр шүүмжлэн хянавал ер эргэлзээтэй, татгалзалтай зүйлгүй цөм тушаал учирт тавтай нийцүүлсэн болоход ёсоор батлахаар тогтов” гэжээ. Мөн 1924 оны 9-р сарын 6 нд болсон Богдхан уулын аймгийн анхдугаар хурлаар Хутаг уулын хошуу, Галба сумыг ёсоор баталжээ. 1924 оны намар Галба суманд “Богдхан аймгийн Хутаг уулын хошууны Галба сумыг захирах захирлага” гэдэг тамга тэмдгийг олгосон байна. Түүх судлаач Д.Цэвээнжав бичихдээ: сум байгуулах үеийн малын бүрэн тоо олдоогүй бөгөөд архивт байгаа бүрэн эсэх нь тодорхойгүй задгай материалыг эмхтгэж гаргахад Галба сум 12.7 мянган малтай, үүнээс тэмээ 2.1, адуу 0.8, үхэр 0.5, бог мал 9.3 мянга байх юм. 1924 онд тоологдсон Хутаг уулын хошууны малын тоог 4 суманд нь тэгш хувааж үзэхэд нэг суманд 12.3 мянган мал оногдож байгаа нь Галба сумын малын тоотой ойролцоо байв гэжээ. Улсын архивт байгаа материалаас үзэхэд Галба сум 1925 онд 4 баг, 293 өрх, 1249 хүн, үүнээс лам 290, эсгий гэр 393, байшин 195 (сүм хийдийн байшин С.Т), бүх мал 22.8 мянга, үүнээс тэмээ 0.4, адуу 1.3, үхэр 0.9, бог мал 16

16.6, үүнээс хонь 8.6, ямаа 8.0 мянга байсан байна. (УТТА.Ф-65. ХН- 6) 1928 оны эцсээр хуралдсан Улсын 5-р их хурлаар сумдыг томсгох шийдвэр гарч нэг сумыг 300 өрхтэй болгож арван гэрийг хорин болгож томруулахаар болжээ. 1929 оны 6-р сард Номгон уулын сумын дарга Х.Бадамжав, Галба сумтай нийлж нэгдэх хүсэлт гаргаж хамтарсан хурал хийж нэгдсэн байна. Галба сум нь анх төвлөрсөн газаргүй, ажил хэргээ явуулах байргүй тухайн даргынхаа гэрт төвлөрөн нүүдлийн байдалтай ажиллаж байгаад 1931 онд Галбын уулын энгэр “Дунд хүрээ”-д анхлан төвлөрч улмаар 1938 онд “Цагаан толгойд”-д ирж байрлан 1941 онд Улсын Бага Хурлын тогтоолоор “Их булаг” гэдэг газарт (одоогийн) суурьшин төвлөрчээ.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ БОЛСОН НЬ

    1930 оны 12 сард хуралдсан МАХН-ын VIII болон улсын VI их хурлуудаас орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт оруулж аймгуудыг олшруулан хошуудыг татан буулгах, сумдыг цомхотгох шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэрийн дагуу 1931 онд Өмнөговь аймаг байгуулагдаж Гурван сайхан уулын хошууны 5 сум, Шанхай уулын хошууны 9 сум, Дэлгэрцогт уулын хошууны 3 сум, Хутаг уулын хошууны 1 сум (Галба сум) оролцон байгуулагдсан түүхтэй. Сумдад нэр олгох асуудлыг засгийн газар, аймгууд дахин хэлэлцэж олон сумдын нэрийг нутгийн онцлог, уул, усны нэрээр нэрлэсэн юм. Ингэж 1932 онд Галба сумыг Ханбогд сум гэж нэрлэн “Өмнөговь аймгийн Ханбогд сумын захиргаа” гэсэн тамга тэмдэг олгожээ.
    Ханбогд нэрийн тухайд: Эрт дээр үеэс Ханбогд уулыг “Галба” гэж нэрлэдэг байжээ. Орчинд нь Галба овогтон нутаглаж байсан бололтой. Одоо ч Ханбогд орчмын уулсыг Галбын уул, говийг нь Галбын говь гэдэг. Энэтхэг, Түвдийн нөлөө нэвтэрч шашин дэлгэрэх үед Галба гэдэг нь түвд хэлэнд шамбалын төв орон гэсэн утга илэрхийлдэг ажээ. Улмаар Галбын уулыг “Мон” уул гэж нэрлэж энэ нь Ханбогд гэсэн утгыг илэрхийлдэг гэжээ. Дараа нь энэ уулыг тахих болж Хан цол өргөмжлөн Мон гэдгийг орчуулж “Ханбогд” уул гэж нэрлэж иржээ. Ханбогд уул нь “Богд” гэсэн өргөмжлөлт нэртэй Монголын 300 уулын нэг юм. Иймээс Ханбогд уулын нэрээр сумаа нэрлэсэн хэрэг. Харин “Галба” гэдэг үгийг нутгийнхан өнө эртний өгөөж баян, өгөөмөр тансаг сайхан нутаг гэдэг монгол утгаар нь ойлгож Галбын говь гэдгийг өндөр сүрлэг уулс, хадан байц, өргөн их говь, тэгш тал хөндийг оролцуулан энэ нутгийн түгээмэл нэр гэж үзэж иржээ.

    Ханбогд сум 1931 онд Өмнөговь аймагт нийлэхдээ 14.9 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, 19 хоринтой, 1538 хүн амтай, 426 өрхтэй, бүх мал 22.3 мянга үүнээс тэмээ 5.6, адуу 0.7, үхэр 0.7, хонь 7.4, ямаа 7.9 мянга байжээ. 1931-1949 оны хүртэл сумын захиргааны сонгууль нь олон шаттай ил явагдаж, эхлээд багийн хурлаар багийн захиргааг сонгоод, сумын хуралд очих төлөөлөгч сонгож дараа нь багаас сонгогдсон төлөөлөгч нар хуралдаж сумын захиргааг 5-7 тэргүүлэгчидтэй, орон тооны дарга, нарийн бичгийн даргыг сонгодог байв. 1949 оноос сумын депутатыг сонгож, сумын ардын депутатын хурлаас сумын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааг 5-7 хүнтэй сонгодог болжээ. Энэ үед тус сум долоон багтай байв. Үүнд: 1-р баг Номгон уул, Галбын говиор, 2-р баг нь сумын хойт тал, Гавилууд хавиар, 3-р баг нь Ханбогд уул орчмоор, 4-р баг нь сумын зүүн, зүүн хойт Алаг Баян орчмоор , 5-р баг нь сумын зүүн өмнөт талаар, 6-р баг нь Ханбогд уулын энгэр талаар, 7-р баг нь сумын баруун, баруун урд талаар тус тус нутаглаж байв. 1959 онд орон даяар нэгдэлжих хөдөлгөөн өрнөснөөр багуудыг татан буулгаж, нэгдлийн бригад болгож сумын даргыг нэгдлийн даргатай хавсаргажээ. Харин 30 жилийн дараа буюу 1990 онд сумын дарга нь бие даан ажиллах болж сумын ардын хурлын тэргүүлэгчдийн дарга бөгөөд сумын гүйцэтгэх захиргааны даргаар хавсран ажиллах болсон байна.