Ханбогд сумын ногоочид маань УБ хот Хан-Уул дүүрэг шувуун фабрикт байрлах Асрал агропарк хүлэмжийн аж ахуйд 5 өдрийн сургалтанд хамрагдлаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Занабазар TOIMNEWS.MN -нд өгсөн ярилцлагаас хүргэж байна.
-Ухдаг биш ургадаг уурхайгаа хөгжүүлцгээе-
Гадаа хасах 5 хэмийн хүйтэн. Шувуун фабрикийн орчимд үе үе хүйтэн салхи сэвэлзэж, шороо шуурч, хаврын тэнгэрийн өнгийг илтгэж байлаа. Харин дотор 20 гаруй хэмийн дулаан. Ногоон хүлэмжинд 10 гаруй тариаланч ээж огт ядарсан шинжгүй, тун шаргуу ажиллана. Хүлэмжийн ажилчид юм уу гэтэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын тариаланчид гэнэ. Хамгийн залуу нь 55 настай. Тэдний дунд сангийн аж ахуйд насаараа ногоо тарьсан нэгэн ч байв.
Говийн тарчиг хөрсөнд ногоо тарьж, ургуулан түүнийгээ Оюутолгой ХХК-д нийлүүлэн аж ахуй эрхэлдэг тэд энэ удаад нийслэл хотын Шувуун фабрикийн “Асралт агропарк”-аас туршлага судалж яваа нь энэ аж. Ясны хөдөлмөрч хүмүүс бололтой. Тэд “Мөнх-Асралт” ХХК-ийн дөрвөн улирлын хүлэмжтэй танилцахын зэрэгцээ хүлэмжинд хэрхэн жимс, хүнсний ногоо тарих 7 хоногийн сургалт, дадлагад хамрагдаж байгаа аж.
Биднийг хүлэмж рүү ортол “Мөнх-Асралт” ХХК-ийн захирал Х.Алтанцацралт “Болсон жимснээс түүгээд, хүссэнээрээ идээрэй” хэмээв. “Яг л нялх хүүхэд шиг эмзэг эд шүү дээ” гэж хэр их хөдөлмөр, зүтгэл шаардаж ургуулдаг тухайгаа хэлээд амжсан болоод ч тэр үү, үнэгүй "хороох" гэж буйдаа ихээхэн санаа зовнив. Гэсэн ч Монгол сортын гүзээлзгэнээ амтлах сонирхолдоо хөтлөгдөж, цагаан цэцэгтэй, ногоон далбагар навчаа бөхийтөл ургасан бөнжгөр улаан гүзээлзгэнийг нүд гүйлгэн хайж олоод амтархан идсэн юм. Уулын зэрлэг жимстэй дүйцэхүйц амттай, шинэхэн, шүүслэг улаахан гүзээлзгэнэ хаврын тарчиг цагт хөрсөн дээрээс нь түүж иднэ гэдэг юутай завшаан. Шинэ жимс амтлахыг хүссэн хэн бүхэн хүлэмж рүү гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөө дагуулан ирж, өөрсдөө газар дээрээс нь түүж идэх боломжтой гэдгийг ч хүлэмжийн эзэн Х.Алтанцацралт онцолж байв.
Эднийх зөгийгөөр тоос хүртээх замаар уулын зэрлэг гүзээлзгэнийг халуун орны гүзээлзгэнэтэй эвцэлдүүлж, шинэ сортын буюу Монгол гүзээлзгэнэ гаргаж, Улаанбаатарчууддаа түгээж эхэлсэн байна. Байнгын хэрэглэгчид нь андахгүй мэдэх биз ээ. Энэ л арга технологиос суралцахаар өмнийн говиос их хүрээг зорин ирсэн ногоочин ээжүүд маань шинэхэн оюутнаас ч илүү эрч хүчтэй гялалзаж байлаа.
Тэдний уйгаүй хөдөлмөрч зан, шинийг сурсандаа баярлаж бахдсан сэтгэгдэл, сурсан мэдсэн зүйлээ нутагтаа очин хэрэгжүүлж, бизнесээ өргөжүүлэхсэн гэсэн дайчин хүслийг хараад урам зориг авч, ногоо тарьж сурахсан гэх хүсэлд автсаныг ч нуух юун.
Хийж байгаа ажлаас нь сонирхвол "Хоёр мөчрийн дунд салаалан ургасан гуравдахь мөчрийг тасдаж байв. Үүнийг зөв олж, эртлэн тасдахгүй бол үржил шимийг нь сорж, ногооны ургалтыг зогсоодог. Тун аюултай. Олон жил ногоо тарьсан хэдий ч мэдэхгүй, чадахгүй юм зөндөө байна. Маш их зүйл сурч авлаа. Олон шинэ арга, технологи байдаг юм байна” хэмээн олзуурхан ярих зууртаа бусад ногоочид болон залуусыг ч суралцахыг уриалсан юм.
-Хөрсөө сайхан янзалж чадвал говьд ургахгүй ногоо гэж үгүй-
Энэ талаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар тариалан эрхлэгч Л.Алтанцэцэг “Би 20 гаруй жил газар тариалан эрхэлж байна. 2012 оноос хойш сумандаа хүлэмжийн аж ахуй эрхэлж эхэлсэн. Хөрсөө сайхан янзалж чадвал говьд ургахгүй ногоо гэж үгүй. Миний хувьд гэр бүлээрээ хувийн хүлэмж эрхэлж өргөст хэмх, помидор, амтат чинжүү тарьдаг. Тарьсан ногоогоо “Оюутолгой” ХХК-д нийлүүлдэг. Миний хувьд 20 гаруй жил ногоо тарьж байгаа ч гэлээ мэдэхгүй, чадахгүй зүйл их байсан байна. Бидэнд сургалт явуулсан Агрономич Эрдэнэбаяр болон Алтанцацралт захирлаасаа маш их зүйл сурч авлаа. Дуслын усалгааны системийн талаар нарийн мэддэггүй байж. Бид сурсан, мэдсэн зүйлээ хүлэмжиндээ ажиллаж, практик дадлага хийдэг. Биднийг энэхүү сургалтанд хамрагдуулж, олон шинэ зүйл сургаж, туршлага судлуулсан сум, орон нутгийн удирдлагууддаа баярлалаа” гэж ярилаа.
Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар тариалан эрхлэгч Д.Болдмаа “Би 7 жил ногоо тарьж байна. Хүлэмжиндээ өргөст хэмх, улаан лооль тарьдаг. Гадаа талбайдаа бол бүх төрлийн нарийн ногоо тарьдаг. Ханбогд сумын 30 орчим өрх Оюутолгойн төсөлд хамрагдаад говийн хөрсөнд ногоо тарьж эхэлсэн. Ногоогоо тарьж, ургуулаад хаана, хэнд нийлүүлэх вэ гэдэг асуудал бидэнд тулгардаггүй. Оюутолгойд ханган нийлүүлдэг. Бид зуны хүлэмжинд ногоо тарьдаг байсан. Одоо өвлийн хүлэмж хэрхэн байгуулж, ажиллах тухай туршлага судалж, сургалтанд хамрагдаж байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.
- Ж.Занабазар: Ногоочдоо чадавхжуулж, боловсон хүчнээ бэлтгэхээр ажиллаж байна-
Харин энэхүү сургалтыг зохион байгуулж, ногоочдоо мэдлэгжүүлэх ажлыг эхлүүлсэн сум орон нутгийн удирдлагууд ийн ярилаа.
Ханбогд сумын ИТХ-ын дарга Ж.Занабазар “Өмнөговь аймаг 2019 оныг "Хөдөө аж ахуйг дэмжих жил" болгон зарласан. Сүүлийн хоёр жилийн турш бид ногоочдоо "Асралт агропарк" дээр туршлага судлуулах сургалт, дадлагын ажилд хамруулж байгаа. Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ болон Оюутолгой компанийн туслан гүйцэтгэгч “Эс Эс Эм” компани энэ удаагийн сургалтыг хамтран зохион байгуулж байна. Энэхүү сургалтанд хамтран ажилласан бүх хүмүүстээ баярлалаа. Манай суманд одоогоор газар тариалан эрхэлдэг хоёр хоршооны 80 орчим иргэн байдаг. Мөн хувиараа хашаандаа газар тариалан эрхэлдэг иргэд бий. Тэдний төлөөлөл болсон иргэд маань энэ удаад дөрвөн улирлын хүлэмжинд хэрхэн ажиллах, ногоо тариалж, ургуулах тухай сургалтанд хамрагдаж байгаа нь энэ. Ханбогд сумын хувьд дөрвөн улирлын хүлэмж байгуулах төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ногоочдоо чадваржуулах, боловсон хүчнээ бэлтгэхээр энэ ажлыг эхлүүлсэн. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шүү дээ” гэв.
Түүнчлэн “Эс Эс Эм” компанийн Хүний нөөцийн захирал А.Ариунцацрал “Манай компани Оюутолгой төсөл дээр ажиллаж байгаа хүмүүсийн хоол хүнс, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ үйлчилгээ, чөлөөт цагийн асуудлыг хариуцаж ажилладаг 1000 гаруй ажилтантай компани. Ханбогдын ногоочид маань манай компанид өөрсдийн тарьсан ургацаа нийлүүлдэг. Гэхдээ энэ нь манай нийт хэрэгцээнд хүрэлцдэггүй, маш бага хувийг л хангадаг. Өнгөрсөн онд манай компани Ханбогд сумын газар тариалан эрхлэгчээр 120 орчим сая төгрөгийн хүнсний ногоо худалдан авсан байдаг. Манай компани эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн авахыг эрмэлзэж, тийм шаардлагыг бизнес эрхлэгчдэдээ тавьдаг. Бид Оюутолгойн 8000 гаруй ажилтны хоолыг бэлтгэдэг учраас маш чанартай, ялангуяа эрүүл хөрсөнд ургасан шинэ ногоо авахыг зорьдог. Хоол үйлдвэрлэл, эрүүл ахуйн мэргэжилтнүүд маань газар дээр нь очиж үзэн танилцаж, шалгасны дараа бүтээгдэхүүн нийлүүлэх эсэхийг нь шийдэг” хэмээн нутгийн иргэдээ дэмжиж ажилладаг тухайгаа онцолж, хамтран ажилладаг тариаланчдаа чадавхжуулах ажлыг ч үргэлж дэмждэг гэдгээ тодотгосон юм.
-Манай хөрс эрүүл учраас жинхэнэ органик, ЭКО ногоо ургаж байна-
Хийж буй ажлынхаа талаар “Мөнх-Асралт” ХХК-ийн захирал Х.Алтанцацрал “Манай орны хөрс цаг уурын онцлогоос хамааран ихэнх иргэд жилийн гурван улиралд л ажилтай, орлоготой байгаа. Харин энэ цаг үед дотооддоо өөрсдөө хүнсээ бэлтгэхийн зэрэгцээ жилийн дөрвөн улиралд орлоготой байх нэг бизнес бол дөрвөн улирлын хүлэмж юм. Дэлхий нийтээрээ эко, органик чиглэлд түлхүү анхаарлаа хандуулж байна. Тиймээс бид монгол орны онгон зэрлэг, үржил шимтэй хөрсөнд ургуулсан жимс, хүнсний ногоог дэлхийд брэнд болгохыг зорьж байна. Үүнээс гадна хүлэмжийн аж ахуйн салбар бол Монгол Улсын хүнсий салбарын хөгжлийн маш том гарц юм. Хүн амын хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнсний хангамж гэдэг асуудлыг төр засгаас анхаарч, газар тариалан эрхлэгчдийг бодлогоор дэмжиж, илүү чадавхжуулах шаардлага байна. Бид төслийн хүрээнд бүх аймаг сумдын ногоочдод чадамжинд суурилсан сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Одоогоор Ханбогд сумын тариалагч, ногоочид сургалтанд хамрагдаж байгаа бол Булган аймгийн Сэлэнгэ сумын аж ахуй эрхлэгчид сургалтанд хамрагдахаар болсон. Чадамжинд суурилсан сургалтыг бид дэмжээд хийж байгаа.
Түүнчлэн бид гадаад орчны хүйтнийг тусгаарлаж, хамгаалагдсан хөрс, дулаан орчинд зөвхөн Монголд ургаж болох органик хүнсийг тариалахаар ажиллаж байна. Энэ боломж ч байна. Манай хөрс эко төдийгүй химийн үйлдвэрүүдийн нөлөөлөл гэж байдаггүй учраас хүлэмжинд эрүүл, органик ногоо ургаж байна. Амьд организм учраас ногоочдод сэтгэл зүтгэл байвал хүлэмжийн аж ахуй эрхлэх тийм ч хүндрэлтэй зүйл биш. Хүүхэд шиг арчилгаа шаарддаг учраас бид арчилж тордож чадвал үр өгөөжөө их өгдөг салбар. Дөрвөн улирлын хүлэмж өртөг өндөртэй босдог хэдий ч жимс ногоогоо жилийн дөрвөн улиралд тариалж, 2-3 жилийн дотор зардлаа нөхөх боломжтой. Энэ бүх туршлагаа газар тариалан эрхлэгчидтэйгээ хуваалцахад бид бэлэн байна. Гараар ажил хийдэг хүн бүр л ногоогоо сайхан ургуулж чадна Хүний нүүрэнд уурласан, инээсэн дүр тодордог шиг ургаж буй ногоо өнгө төрхнөөсөө л харагддаг. Түүнийг мэдэрч, арчилж тордож чадвал ургадаг зүйл” гэж ярилаа.
Тус компани энэхүү дөрвөн улирлын хүлэмждээ гүзээлзгэнээс гадна юуцай, бууцай, эрдиск, өргөст хэмх, улаан лооль, улаан, ногоон амтат чинжүү болон бүх төрлийн навчит ногоонуудыг тарьж байна. Жинхэнэ ЖДҮ-чин гэж Х.Алтанцацралтыг хэлэхэд хилсдэхгүй биз ээ. Тэрээр ЖДҮХС-аас зээл авч, 40 хүлэмж байгуулахаар төслөө эхлүүлжээ. Одоогоор 400 м.кв талбайд өвөл, зуны, дөрвөн улирлын дөрвөн хүлэмж барьж, төрөл бүрийн ногоонуудаа тариалж, хэрэглэгчдэд нийлүүлж эхэлсэн байна.
Өнөөдөр манай улсад хүнсний аюулгүй байдал, гарал үүслийн асуудал нэлээд яригдаж байгаа. Тиймдээ ч эх орныхоо үржил шимтэй хөрсөнд тарьж ургуулсан эрүүл, эко, элдэв генийн өөрчлөлтгүй хүнс амин хэрэгцээ болж буй. Харин энэ үед Ханбогдчууд САЙН ЖИШИГ ажлыг хэдийнэ эхлүүлжээ. Орон нутгийн удирдлагууд нутгийн иргэдээ өрхийн бизнестэй болгохын зэрэгцээ газар тариаланчдаа дэмжиж, хамтран ажиллаж, зах зээлийг нь өргөтгөх цаашлаад Ханбогд суманд дөрвөн улирлын хүлэмж байгуулахаар төлөвлөжээ. Ингэхийн тулд мэргэжлийн агрономич, тариаланчдыг бэлтгэх ажилд ийнхүү анхаарлаа хандуулж, Монголын анхны дөрвөн улирлын хүлэмж, агропаркыг байгуулсан “Мөнх-Асралт” ХХК-тай хамтарч ажиллаж эхэлсэн байна. Энэ мэтчилэн суурь баазаасаа эхлэн бэлтгэлээ базааж, шат шатандаа хамтран ажиллаж чадвал Монголчууд жилийн дөрвөн улиралд зөвхөн монгол хүнсээ хэрэглэх боломж бүрдэнэ гэдгийг тэд хэлж байв.
Үүнээс гадна манай ногоочдын хувьд бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж, тариалалтаа нэмэгдүүлсээр байгаа ч агуулах, зоорины асуудал дутагдаж байдгийг учирлаж байв. Энэ асуудлыг ч Ханбогдын удирдлагууд төсөл, бодлогын хүрээнд шийдвэрлэхээр зорьж буй аж.
ХӨДӨӨ АЖ АХУЙ ҮЙЛДВЭРЖИЛТ-г дэмжих жил 2019 он Өмнөговь аймаг Ханбогд суманд | |
Ханбогд сум - Өмнөговь Facebook |